Thursday, May 19, 2016

Дурсамж / өгүүллэг/



Дурсамж / өгүүллэг/
Хөх ногооны униар суунаглана. Хөндий талд энд тэндгүй  царцаа дуугаран, хөвчийн ой цэцэг навчсаар гоён, хүний амьдралд хөг аялгуу нэмнэ.
    Эргэн дурсахад нутгийн салхи намайг аргадан надтай ханьсаж, нарт хорвоогийн жамаар орхин одсон ханийг нэхэн санагдуулна. Энэ орчлонд сэтгэлийг баярлуулж гуниг татуулах юм их л байх юм  даа. Хэдий орчлон эгэл биш үзэсгэлэнтэй ч энхрий хань минь надад юутай ч зүйрлэшгүй ариун нандин нь байсан юм.
     Төрсөн нутгийн минь тансаг үнэр хамар цоргион түүнтэйгээ ижилдэн дасаж, ханисан жаргасан эх нутгаа санан санан ирсэн минь энэ билээ.
  Тэртээх 14 жилийн өмнөсөн. Худгаас ус ховоодон татаж байтал, дунд зэргийн нуруутай толгойдоо усан цэнхэр алчуур зангидсан нүүр дүүрэн мишээсэн төрхтэй тулгарч юу хийхээ мэдэхгүй ийш тийш харан сандчиж байснаа бодохоор одоо ч өчигдөрхөн юм шиг санагдаж байна. Анхны юм бүхэн гэнэн цагаан цайлган хар мөргүй байдаг шүү дээ. Түүндээ анхныхаа харцаар л дурлачихаад би гэдэг агтны нуруун дээр хийсэн салхи дэрвэлзүүлж, орчлон ертөнцийг өөрийнх болгочихсон юм шиг явж билээ.
      Тоонот гэрт толгой холбон хоёр сайхан хүүхдийн эцэг эх боллоо. Адуу мал багширч, айраг цагаа сагаагүй ч амь наснаасаа илүүтэйгээр хайрлан асрах хань үрстэй болохоор би хамгаас баян хүн.
    Хүмүүний амьдрал зовлон жаргал ээлжилсээр. Зовлон гэдэг хэлж ирдэг биш хийсч ирдэг хойно хайрт хань минь өвдөж үхэх сэхэхийн зааг дээр байгаа хирнээ хань үрсдээ санаа зовон шаналж байгаа нь дэндүү ачлалтай санагдаж, түүнийгээ өвдсөнд өөрийгөө мянгантаа буруутгаж, хэзээ ч итгэж байгаагүй бурханд хүртэл  ханийг минь биднээс битгий хагацаан салгаач гэж дотор чичрэн гуйж байсансан.
    Хайр жаргалаар дүүрэн өдөр хоногууд мөн ч олон байсан даа. Анхныхаа үрийн зулайг үнэрлэчихээд аагь амтагдаж явсан залуу нас минь.Нялх биетэй түүнийхээ тунгалаг царайг харчихаад “Энэ хорвоод ийм үзэсгэлэнт төрхийг хаанаас ч олж хараах билээ. Би ямар азтай хүн бэ? “Энэ орчлонгийн халуун дулаан бүхнээр хучиж дүүрэн азжаргалыг амсуулсан миний л хань. Хань минь хайр дүүрэн гэрэлтэн суудагсан.
  Түүнтэй минь учруулсан нутгийн зөөлөн салхи,нугын үзэсгэлэнт цэцгэс, нүд дүүрэн цэлийн харагдах өргөн талдаа баярлаад ханашгүй.
   Эргэн дурсахад эмзэглэмээр ч эрвэлзсэн алаг нүдэн чамтай минь учруулсан хувь тавиландаа би сэтгэл дүүрэн баяр жаргалтай явдаг юм.
   Нутгийн салхи намайг аргадан сэвэлзэж,хүмүүний амьдралд дурсамж үлдээн хөвөрсөөр......                                                                                      Д.Оюунтунгаа

No comments:

Post a Comment