Sunday, May 22, 2016

Монгол улс үнэхээр эрчим хүчний диваажин юм

Өнөөдөр Монгол улсын эрчим хүчний 60 хувийг 4-р дулааны цахилгаан станц хангаж байна. Үлдсэн 40 хувийг 2, 3-р ДЦС болон орон нутгийн станцууд хангадаг. Эдгээр станцуудын турбин, генераторууд 24 цаг тасралтгүй бүрэн хэмжээгээрээ ажиллаж байж өнөөдрийн та бидний хэрэгцээг чүү чамай хангаж байгаа юм. Магадгүй өнөөдөр энэ станцын нэг турбин ажиллахгүй болоход Улаанбаатарчууд бүхэлдээ эрчим хүчний хомсдолд орох эрсдэл байгаа юм. Жил бүр 10 гаруй хувиар өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэгцээг хангахын тулд Монголчуудад зайлшгүй  эрүүл аюулгүй, дэлхийн стандартад нийцсэн том хэмжээний эрчим хүчний эх үүсвэр хэрэгтэй болоод байна.
Дэлхийн олон оронд эрчим хүчээ усан цахилгаан станцаас гарган авдаг. 2006 оны байдлаар дэлхийн нийт эрчим хүчний бараг 20, сэргээгдэх эрчим хүчний ойролцоогоор 88, 2008 онд дэлхийн нийт сэргээгдэх эрчим хүчний 50-иас илүү хувийг усны эрчим хүч эзэлж байв. Бразил, Канад, Шинэ Зеланд, Норвеги, Парагвай зэрэг  орон эрчим хүчнийхээ дийлэнхийг усан цахилгаан станцаасаа гаргаж авдаг байна. Норвегид л гэхэд эрчим хүчнийхээ 98-99 хувийг усан цахилгаан станцаас хангадаг гэсэн тооцоо байна. Уснаас тог гаргаж амжилттай  яваа хамгийн ойрын жишээ байна. БНХАУ нутгийн төв дундуураа урссан алдарт Шар Хөх мөрөн дээрээ цувраа УЦС  барьснаас дэлхийн хамгийн том Гурван хавцлынхыг барихын тулд олон сая айл нүүлгэн шилжүүлж олны эрх ашигт цөөнх захирагдахын үлгэрийг үзүүлсэн юм.  Хятадууд биднээс тэнэг гэж үү олон зуун сая хүнийхээ амь амьдралаар тоглох үндэснийхээ бахархал болсон голоо устгах гэж үү үгүй. Хүнд хэрэгцээтэй байгальд хоргүй технологи болохоор л шууд ашигласан..
Нэг УЦС-байгуулсанаар тухайн хөгжлийнхөө 10 асуудлыг шийдэх боломжтой болж юм.
НЭГ УСАН ЦАХИЛГААН СТАНЦ БАЙГУУЛСНААР
1          Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр
2          Бусад сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг ашиглах боломжтой болгодог
3          Баталгаат эрчим хүч, үнийн тогтвортой байдлыг тэтгэдэг
4          Ундны ус хадгалахад хувь нэмэр оруулдаг
5          Цахилгаан эрчим хүчний системийн тогтвортой байдал болон найдвартай байдлыг нэмэгдүүлдэг
6          Цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцэхэд тусалдаг
7          Бидний амьсгалж буй агаарыг сайжруулдаг
8          Улсын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулдаг
9          Өнөөдрийн болон маргаашийн цэвэр, хямд эрчим хүч
10        Тогтвортой хөгжлийн үндсэн арга юм

Та бидэнд ч ийм боломж байгаа юм.
Мөн Говь-Алтай аймгийн Тайшир сумын Улаанбоомын хавцалд Завхан голд дээр байгуулсан усан цахилгаан станц өнөөдөр үр шимээ өгсөөр байна. Анх энэ станцыг барих үед орон нутгийн хийгээд байгаль хамгаалагчдын эсэргүүцэлтэй тулгарч байсан. Гэхдээ өнөөдөр Тайширын УЦС нь Завхан, Говь-Алтай аймгийн төв, Тайшир, Халиун, Жаргалан, Завхан аймгийн Цагаан чулуут, Цагаан Хайрхан, Яруу, Алдархаан сумдыг цахилгаанаар бүрэн хангаж байна.
2013 оны 11 сарын 16-ны өдрийн Монгол улсын засгийн газрын хуралдаанаар Эгийн голын усан цахилгаан станц барих төслийн нэгж байгуулж, санхүүжилтын эх үүсвэрийг баталсан. Азийн хөгжлийн банкны шинжээчид Монгол оронд Усан Цахилгаан станц хөгжүүлэх асуудлыг 1991 оноос эхлэн судалсан.  Өмнө нь хийж байсан судалгааны материалуудыг нэгтгэн дүгнээд Эгийн голын усан цахилгаан станцын төслийг эхлүүлэх нь зүйтэй гэж үзэн төслийн техник эдийн засгийн үндэслэл боловсруулахад буцалтгүй тусламж үзүүлэх, нарийвчилсан зураг төсөл боловсруулахад хөнгөлттэй зээл олгох саналаа Монгол Улсын Засгийн газарт 1991 оны 5 дугаар сард танилцуулж байжээ. Ингээд 1991 оны 8 дугаар сард төслийн техник эдийн засгийн үндэслэлийн судалгаа, нарийвчилсан судалгаа, тендерийн бичиг баримт боловсруулахад шаардагдах санхүүжилтыг авах тохиролцоонд хүрч, 1992 оны 4 дүгээр сард зээл, тусламжийн гэрээнд гарын үсэг зуржээ. Гэрээний дагуу 1994 онд Эгийн голын усан цахилгаан станцын техник эдийн засгийн үндэслэл, нарийвчилсан зураг төслийн судалгаа, тендерийн бичиг баримтыг боловсруулсан боловч 1996-1997 онд тус станцыг барьж байгуулах хөрөнгийн асуудал шийдэгдээгүй учраас барилгын ажлыг хойшлуулжээ. Хөрөнгө мөнгө байхгүй гэх асуудлын цаана улс төрийн хүчнүүд иргэд болон улс орныхоо эрх ашгаас өөрсдийн эрх ашгийг дээгүүрт тавих үзэл Эгийн голын төсөл хэрэгжихэд том тушаа болж байсан юм.
Эгийн голын 220 МВт хүчин чадалтай усан цахилгаан станц барих төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсын төвийн эрчим хүчний системийн хүчин чадал сайжирч, тогтвортой ажиллах, өөрийн гэсэн цахилгаан эрчим хүчний улсын нөөцтэй болж, ОХУ-аас импортын эрчим хүчний хамаарлаас гарах боломжтой юм. Станцыг барьснаар жилдээ 10 сая ам.долларыг хэмнэх ба хөрөнгө оруулалтаа 10-15 жилд нөхөх юм.
Эгийн голын усан цахилгаан станцыг Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутгаар урсан өнгөрч байгаа Эгийн гол дээр далан баригдана. УЦС байгуулагдсанаар тухайн орон нутагтаа аялал жуулчлал, газар тариаланг хөгжүүлэх байгалийн шинэхэн тогтоц бүрдэх юм. Эгийн гол дээр хамгийн өндөр хэсэгтээ 93 метр өндөр, 710 метр урт булдаж нягтруулсан бетон далан барихаар төлөвлөж байна. Тус усан цахилгаан станцын далангийн ард 125 ам дөрвөлжин километр толио бүхий усан сан байгуулах бөгөөд түүний усны хамгийн дээд буюу бүрэн дүүрэх түвшин нь далайн түвшнээс дээш 900 метрт тогтоно. Станцын хүчин чадал нь 220 МВт, тус бүрдээ 55 МВт хүчин чадал бүхий 4 турбин генератор суурилуулах юм. Эгийн голын усан цахилгаан станцын үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг 220 кВ-н 2 хэлхээ бүхий цахилгаан дамжуулах агаарын шугамаар Эрдэнэт дэд станцаар дамжуулан Монгол Улсын төвийн эрчим хүчний системд нийлүүлнэ. Төслийн талбар болон Эрдэнэт хотыг холбосон 70 км урт цахилгаан дамжуулах шугам, 125 км авто замыг барьж байгуулах юм. Эдгээр нь 2007 оны ТЭЗҮ тооцоолол юм. Үүнийг улам сайжруулахаар өнөөдөр төслийн багийнхан ажиллаж байна.
Дулааны цахилгаан станцууд үйлдвэрлэсэн эрчим хүчнийхээ 20 хүртэл хувийг дотоод хэрэгцээндээ зарцуулдаг бол Эгийн голын усан цахилгаан станц нь ердөө 1 хувийг зарцуулах учраас жилдээ 96 сая кВт цаг цахилгаан эрчим хүч. Дунджаар 4,7 сая долларыг хэмнэнэ. Эгийн голын усан цахилгаан станц нь хөрөнгө оруулалтаа 10-15 жилд нөхөх ба 100 жилийн хугацаанд анхны хөрөнгө оруулалтаа 6-7 дахин нөхөх урьдчилсан тооцоотой байна. Энэ бол УЦС-ын давуу тал юм. УЦС-ыг байгаль орчинд хор хөнөөлтэй гэж үзэх хүмүүс олон байдаг. Ингэж байгаа учир нь дэлхий дахинд байгальдаа ээлтэйгээр бүтээн байгуулалт хийж болдог гэдгийг мэдэхгүй байгаатай холбоотой юм. Хятадууд алдартай мөрөн дээрээ асар том далан барьж УЦС байгууллаа. ОХУ Ангар мөрөн дээрээ 4 ч том УЦС байгуулсан. Ингэлээ гээд байгаль орчин нь устан сүйдэж гай тотгор авчирсан зүйл алга, голын засаг жараахай үхэж мөхсөн зүйл ч байхгүй. УЦС-ыг өндөр технологи, нарийн судалгаа дээр үндэслэн байгаль орчиндоо ээлтэй аргаар байгуулж болдог гэдгийг энэ 2хон жишээнээс харж болох юм. Эгийн голын УЦС ч байгальд ээлтэй болох юм. Зөвхөн байгаль орчинд ээлтэйгээр зогсохгүй. Станцын далан, ус хуримтлуулсан нуур зэрэг нь тухай орон нутагтаа аялал жуулчлал томоохон цогцолборыг үүсгэж чаддаг байна.
            Эгийн голын усан цахилгаан станц төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг анх 1993 онд "Усны эрчим хүч" ХХК, "Электроконсулт" ХХК хамтран боловсруулсан ба 2007 нэмэлт судалгаа хийгджээ. Судалгаанд тусгасанаар байгаль орчны бүрэлдэхүүн хэсгүүд, ялангуяа хөрсөн бүрхэвч, ой мод, ус, биологийн төрөл зүйлд хор хөнөөл багатайгаар хэрэгжүүлэх боломжтой гэж үзжээ.
Энэхүү төслийн нөлөөгөөр Эгийн гол дагуу 60 км урт, 2 км өргөн усан мандал үүсэх ба ингэснээр усны ууршилт нэмэгдэж, ойр орчимд чийглэг, таатай уур амьсгал зонхилох болно.  Энэ жил төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг шинэчлэн, дотоодын аж ахуй нэгжээр хийлгэхээр болсон. Эг-Сэлэнгийн бэлчрээс дээш УЦС-ын далан барьснаар Эгийн голын загасны нүүдэл багасаж болзошгүй тул Эгийн голын загасны судалгааг Геоэкологийн хүрээлэн, Монголын тул хамгаалах сантай хамтарч хийнэ. Судалгааны дүгнэлтэд үндэслэн тухайн орчинд хамгийн тохиромжтой загас өнгөрүүлэх байгууламж байгуулна. Ингэснээр Эг-Сэлэнгийн экосистемд учрах сөрөг нөлөөллийг бууруулж, загасны хэвийн амьдралын шинэ орчин бүрдэхнээ. Төслийн нөлөөгөөр үүсэх усан мандалд 125 км2 газар усанд автана. Энэ нутаг дэвсгэрт 200 орчим археологийн дурсгал илрээд байгаа. Эгийн голын сав газар нь археологийн хувьд Монгол орны хамгийн сайн судлагдсан нутаг дэвсгэрүүдийн нэг юм. Энд нэн эртний болон хүннү, түрэг, Монголын үеийн дурсгал, хүн чулуу, булш, хиргисүүр, шарын шашинтай холбогдолтой чулуу элбэг тохиолддог. Усан сан үүсэх газарт нийт 300 гаруй археологийн дурсгал илэрснээс 139 дурсгалыг өмнө малтаж авсан. Одоо үлдсэн 190 орчим дурсгалыг Шинжлэх ухааны хүрээлэнгийн Археологийн хүрээлэнтэй хамтарч усан сан үүсэхээс өмнө авран хамгаална. Цаашид эдгээр дурсгалаар музей байгуулах асуудлыг судалж шийдвэрлэж байна. Өнөөдөр ч Эгийн голд Тул хамгаалах сан, Археологийн хүрээлэнгийн эрдэмтдийн баг ажиллаж байна.  Төслийн талбайд 1300 га мод, сөөг хамрагдаж байгаа. Усан сан үүсэх нутаг дэвсгэрт байгаа мод, сөөгнөөс амьдрах чадвар сайтай модыг ялган, мэргэжлийн байгууллагаар өөр газарт шилжүүлэн суулгах ажиллагаа хийгдэхнээ.
Дэлхий дахины шинэ хандлага ногоон  хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд усан цахилгаан станцуудыг байгуулж, хөгжүүлэх нь чухал болоод байна. Манай улс энэ жил ОХУ-аас 250 мВт эрчим хүч өгөөч гэж гуйв. Энэ нь ДЦС-2, ДЦС-3- ын үйлдвэрлэдгээс ч илүү хэмжээний эрчим хүч юм. Оросууд биднээс цахилгаан харамласангүй, Монголыг эрчим хүчний дутагдлаас аварлаа. 160 тэрбум тонн нүүрс, терраватаар хэмжигдэх сэргээгдэх эрчим хүчний нөөцтэй манай улс хариас эрчим хүч гуйж, бадар барьж яваа нь ичгэвтэр. Хэд хэдэн цахилгаан станц барьчих хугацаа өнгөрсөн ч шийдлийг нь олж, шийдвэр гаргаж чадахгүй явсаар өдийг хүрсэн нь гачлантай. Тухайн үеийн төр засгийн удирдлагууд улс төрийн хүчин, нам эвслийнхээ дур хүсэл, эрх ашгийг иргэдийнхээ үндсэн хуулиар олгогдсон эрх, улс орныхоо хөгжлөөс тэргүүнд тавьсаны хар гайгаагаар 7 жилийн өмнө болчих байсан УЦС-ыг өнөөдрийг хүргэж байгаа нь эмгэнэлтэй юм.


1 comment:

  1. The best online casino and sportsbook in India
    Online gambling is here. Here are 온카지노 the top sites 메리트 카지노 고객센터 for Indian players. There are 바카라 many options on offer including live betting and virtual

    ReplyDelete