Sunday, May 22, 2016

“БОХИР УС”
Энэ ус хаашаа урсдаг вэ?
“БОХИР УС” Энэ ус хаашаа урсдаг вэ?
Усаа татаад жорлонгоос гарч ирээд угаалтуурт гараа угаана./ Энэ ус хаашаа явдаг вэ? Урссан ус тосгуураар урсаад та бидний нүдэнд үзэгдэхгүйгээр урсаад явдаг. Энэ ид шид биш байх. Гэхдээ бүх зүйл тосгуур, жорлонруу ороод л алга болдог. Үүнийг зохицуулж, шийдсэн ямар нэг хууль журам байдаг болов уу?                  Угаалтуур болон суултуур  дотор юм хийхэд бүгд алга болдог. 2 лаа л доошоо муу усны хоолойруу ордог. Гэрээс гарч байгаа бүх бохир ус нэг муу усны хоолойруу орж ус цэвэрлэх байгууламжруу явдаг байна. Бороо цасны ус, хөрсний ус ч замын хажуугаар урсаж эцэстээ ахуй бохир устай нийлж цэвэрлэх байгууламжруу явдаг. 
Айл бүр хоолоо хийхдээ ямар нэг төрлийн хүнсний тос ашигладаг. Харин хоол идсэнийхээ дараа сав суулга, аяга тавгаа угаахдаа эсвэл ашигласан тосоо, хоолны үлдэгдлээ шууд жорлонгийн суултуурлуу хийгээд усаа татчихдаг. Энэ үйлдэл бохир ус зайлуулах хоолой бөглөрөх хагарч задрах хамгийн том шалтгаан болдог. Ямар ч төрлийн тос болон тосны хольцтой хаягдал бохир ус зайлуулах хоолойнд очиж царцаад усаар түлхэгдэж урсахгүй үлддэг байна. Харин дэлхийн улс орнуудад имй төрлийн хог хаягдлаа суултууртаа биш тусгай уутанд хийж хаядаг. Бид ч үүнийг хийж хэвшмээр байна. Тиймээс ямар ч хийх ёсгүй зүйлийг жорлон угаалтуурт хийж болохгүй. Хэдийгээр хайрцган дээрээ усанд урсгаж болно гэж бичсэн байдаг ч ямар ч хуурай, өтгөн зүйлийг угаалтуур болон суултууртаа хийж, хаяж болохгүй гэдгийг анхааруулж байна. Хэрвээ ингэж чадвал та ундны усны эх булаг болсон Хатан Туулаа хамгаалж чадна.
Айл өрх, үйлдвэр аж ахуй нэгжүүдээс хором бүр урсан гарч байгаа бохир усыг орон сууцнаас татан зайлуулж, цэвэрлэх үйл ажиллагаа эрхэлдэг 2 байгууламж Улаанбаатар хотод байдаг. Айл өрхүүдийн ахуйн бохир усыг цэвэрлэх зорилготой төв цэвэрлэх байгууламж, үйлдвэр аж ахуй нэгжийн усыг урьдчилан цэвэрлэх зорилготой бидний мэддэгээр Харгиа цэвэрлэх байгууламж байна.
Нийслэл хотын тө­вөөс арав хүрэхгүй ки­лометрийн зайд буюу Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр цагаан хаалга­наас урагш байх арьс ширний үйлдвэрүүдийн хажууд "Харгиа" цэвэрлэх байгууламж үйл ажил­лагаа явуулдаг. Улаанбаатар хотын сал­хин дээр байрлах энэ бо­хир ус, ноос ноолуур, арьс ширний бо­хирдол  цэвэрлэх  газраас гарч байгаа өмхий, эхүүн  үнэр тэр хавь гэлт­гүй нийслэл хотыг эвгүй үнэртэй болгодог гэж хэлж болно. Хавар, зуны улиралд бүр ч их үнэртэж, агаар бо­хирдуулдаг. Бид "Харгиа" цэвэрлэх байгууламж дээр очлоо.  Ажил хэвийн хоногт 900-110м3 бохир усыг урьдчилсан байдлаар цэвэр­шүүлж байна.

Харгиа цэвэрлэх байгууламж 1972 онд байгуулагдахдаа арьс ширний таван том үйлд­вэрийн хаягдал усыг цэ­вэрлэх зориулалтаар ашиг­­лалтад орж байсан юм байна. Тэгвэл одоо  ноос ноолуур, арьс, ширний 27 үйлд­вэрийн хаягдал усыг цэ­вэр­лэж байна. Энд 30 гаруй жилийн хуга­цаанд техникийн шинэч­лэл огт хийгдээгүй байсан. Үүнээс болж байгууламжид эвдрэл гарч, бохир  нь хальж,  нийслэлийг өмхий үнэрээр утаж байсан нь саяхан.

 Арьс ширний үйлдвэрүүд бол нэлээд хортой нөхцөлд үйл ажиллагаагаа явуулдаг газар. Хаягдал нь ч бас тийм л байдаг. “Харгиа”арьс, ширний хаягдал буюу хром болон сульфаттай усыг нэг шугамаар дамжуулдаг байсан. Түүнээс болж хүхэр, аммиак зэрэг хортой нэгдлүүд үүсч байсан. Засгийн газар, Улсын их хурал, хотын удирдлагууд үүнийг анхаа­ралдаа авч тэрбум 700 сая төг­рөгийн өртөг бүхий техник тех­нологийн шинэчлэлтийг "Сант хаан" компани эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр хийсэн. Одоо 2 шугамаар  үйлдвэрүүдээс бохир усыг хүлээн авч исэлдэж, урвалд оруулахгүй болжээ. Мөн цэвэрлэх тогооны насос, шүүрийг шинэчилжээ. Гэсэн ч хүчин чадал нь хүрэлцэхгүй, шинэчлэл хийсэн техник технологи хоорондоо таарахгүйгээс болж ашиглаж болдоггүй байна.

Хоёр жилийн өмнөөс “Харгиа” цэвэрлэх байгууламжийг нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг татан буулгаж, Ус сувгийн удирдах газрын харьяанд оруулсан. Уг нь ноос ноолуур, арьс ширний үйлдвэрүүд бохир усаа үйлдвэр дотроо урьдчилсан байдлаар цэвэрлээд Харгиа урьдчилан цэвэрлэх байгууламжруу явуулах ёстой. Гэтэл энэ цэвэрлэгээ хийгддэггүй. 100 хувь бохир ус харгиад ирж, хүчин чадал муутай, хуучирсан техникээрээ харгиа цэвэрлээд ч 60 хувийн бохирдолтой усыг төв цэвэрлэх байгууламжруу явуулж байгаа юм.
Харгиад байгаа бэрхшээл ингээд зогсохгүй. 20 гаруй ноос ноолуур, арьс ширний үйлдвэрүүдээс ирэх бохир уснаас гарч байгаа хог хаягдал лагийг зайлуулах ажил тогтмол хийгдэх ёстой. Өнөөдөр энд лаг зайлуулах ажил гараар хийгдэж байна. Хэрвээ үйлдэврүүд бүгд бүрэн хүчин чадлаараа ажиллаад эхэлбэл Харгиад ирж байгаа бохир усны хэмжээ нэмэгдэж, лагийн хэмжээ ч нэмэгдэн, бохир ус тунгаагуураас халих тохиолдол гарч байна.
“БОХИР УС” Энэ ус хаашаа урсдаг вэ?
Хуучнаар Харгиа буюу одоогийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн өнөөдрийн дүр төрх ийм л байна. Үйлдвэрүүдээс гарч байгаа усаа бүрэн цэвэрлэж чадахгүй байгаа учраас Төв цэвэрлэх байгууламжруу урьдчилан цэвэрлэсэн усаа явуулж байна. Тэгвэл орон сууц, зөөврөөр бохироо зайлуулдаг айл өрхүүдээс гарч байгаа бохир усыг нийслэлийн хэмжээнд цэвэрлэж байгаа ганц байгууллага бол Төв цэвэрлэх байгууламж. Энд юу болж байгааг харцгаая.
Анх 1964 онд хоногт 45 мянган м3 бохир ус хүлээн авч механик цэвэрлэгээгээр 50% хүртэл цэвэршүүлэх байгууламж ашиглалтанд оржээ. Түүнээс хойш нийслэл хотын хөгжилтэй уялдан 1979, 1986 онуудад өргөтгөл хийж хоногт 200,000м3 ахуйн бохир ус хүлээн авч 90-92% хүртэл цэвэршүүлэх хүчин чадал бүхий байгууламж болон үйл ажиллагаа явуулж байгаа юм. Өнөөдрийн байдлаар хоногт 155-165 мянган м3 бохир усыг хүлээн авч байна. Та бие засаад усаа татах, угаалтууртаа тосож гараа болон аяга таваг, хувцас хэрэглэлээ угаах үед бохирлогдсон ус танай байшингийн бохирын шугамаар дамжиж газар доорх бохирын хоолойтой холбогдоно. Ийм шугам хоолой улаанбаатар хотын хэмжээнд 160 км үргэлжилдэг байна. Эдгээр хоолойгоор бохир ус дамжсаар Төв цэвэрлэх байгууламжид ирнэ. Хүний ахуй, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас гарсан бохир усан доторх хаягдал болох том хэмжээтэй хог нь хоолны үлдэгдэл, баглаа боодол, цаас, даавуу, ариун цэврийн хэрэгсэл, төрөл бүрийн нийлэг материалуудыг хамгийн эхэнд сараалж буюу төмөр тээглүүрэн дээр тогтоож уснаас ялгана. Дараа нь насосоор усыг элс тогтоогуурын хэсэгт шахаж элс, үнс, шилний хэлтэрхий, шороо чулууг тунгааж авч ялгаад үлдсэн усыг тунгаагуурлуу шахна. Тунгаагуурт бусад өөх тос, жижиг хог, лагийг ялгааж тунгаагаад механик цэвэрлэгээ дуусна. Үүний дараа биологийн цэвэрлэгээ хийнэ. Биологи цэвэрлэгээгээр агаар, идэвхит лагийн тусламжтайгаар усан дахь органик бохирдолыг исэлдүүлэн эрдэсжүүлэх үйл ажиллагаа явуулдаг юм.
Биологийн цэвэрлэгээ хийсний дараа усыг халдваргүйжүүлэх химийн цэвэрлэгээ хийнэ. Өмнөд Солонгос улсын Доохап компанийн хэт ягаан туяагаар агааржуулан халдваргүйжүүлэх аргыг энд хэрэглэж байна. Энэ төхөөрөмж нь бохир усан дахь нянг 95-100% хүртэл халдваргүйжүүлэхээс гадна, усны органик ба органик бус бохирдолыг багасгаж, байгууламжийн цэвэршилтийн түвшинг сайжруулдаг онцгой давуу талтай юм.
Жишээ нь:
·         Биологийн бохирдолыг /BOD/          15.7-35.7%
·         Химийн бохирдолыг /COD/                7.7-8.9%
·         Умбуур бодисыг /SS/                          7.5-28.8%
·         Нийт азотыг /TN/                                 11.08-13.2%
·         Нийт фосфорыг /TP/                          4.4-5.2% тус тус бууруулдаг
байна.
Ийм технологийн дамжлагаар усыг цэвэрлэж байгаа юм. Гэхдээ 100 хувь биш 90 хувь ч биш 80 хувь л цэвэрлэж байна. Өнгөрсөн 2 сарын эхний 2 долоо хоногт дээжийн судалгаагаар 85-87 хувийн цэвэрлэгдсэн гэж гарчээ. Энэ бол хангалтгүй гэсэн үг. Төв цэвэрлэх байгууламжинд бохир ус зайлуулах шугам хоолойгоор орон сууцны айл өрхүүдийн болон үйлдвэр аж ахуйн бохир ус ирэхээс гадна зөөврийн машинаар бохир ус зайлуулах үйлчилгээ үзүүлдэг. Энэ үйлчилгээг иргэдэд улам ойртуулах үүднээс зөөврийн машины бохир усыг татан авах 6 цэгийг хотын хэмжээнд байрлуулжээ.
Төв цэвэрлэх байгууламж 1964 онд анх байгуулагдахдаа одоогийнх шиг ийм их орон сууцны бохир усыг цэвэрлэхээр хэмжээний хүчин чадалтай байгуулагдаагүй. Гэтэл өнөөдөр өөрийн хүчин чадлаасаа 2-3 дахин илүү их усыг цэвэрлэх болоод байна. Төв цэвэрлэх байгууламжинд ашиглаж байгаа техникийн хүчин чадал бага, хуучирсан. Мөн бохир ус дамжуулан хүлээн авах хотын газар доорхи шугам хоолой хуучирсан. Насжилт өндөртэй гээд одоо байгаа хүчин чадлаараа цаашид ажиллах боломжгүй болоод байна.
 Гэхдээ  цэвэрлэх байгууламжаас гарсан энэхүү лагийг исгэх аргаар метаны хий буюу бидний хэрэглэдэг ахуйн хэрэглээний хийг гаргаж авах боломжтой байдаг.  Хэрвээ лагийг исгэн метаны хий гарган ашиглаж чадвал эрчим хүч гаргах боломжтой юм байна. Харин  лагийг исгэж, метаны хий гаргадаг үйлдвэртэй болоход 45.7 тэрбум төгрөг шаардлагатай гэж төв цэвэрлэх байгууламжийн технологийн инженерүүд хэлж байлаа. Гэхдээ техник технологийн шинэчлэл хийсэн ч нэгэнт 40 гаруй жилийн настай Төв цэвэрлэх байгууламжийн ачааллыг буруулах хамгийн зөв арга нь шинээр цэвэрлэх байгууламж барих юм.
Өнөөдрийн байдлаар 80-90 хувь цэвэрлэсэн усаа Ундны эх үүсвэр болсон Туул голруу шууд асгаж байна. Төв аймгийн Алтанбулаг, Сонгины амралтын орчим төв цэвэрлэх байгууламжаас цэвэрлэгдсэн ус шугам хоолойгоор дамжин Туул голд хүрч байгаа юм. Монголчууд бид хэдхэн жилийн өмнө эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудыг ардаа оруулж байсан удаа бий. Харин бохир ус татан зайлуулах үйл ажиллагааны хувьд дэлхийн улс орнуудын хамгийн адагт явж байна гэж хэлж болох юм.

Жишээлэхэд: Сингапур улс борооны усаа бүрэн ашиглаж чаддаг болжээ. Өмнө нь энэ улс Малайзаас ундны усаа худалдаж авдаг байсан учраас ус бол алтнаас үнэтэй гэдгийг сайн ойлгодог. Сингапур улс далайгаар хүрээлэгдсэн арлын улс юм. Энэ улс усны хангамжаа 4 замаар шийджээ. Ингэхдээ борооны усаа хуримтлуулж унднаас бусад хэрэглээнд хэрэглэх, Малайзаас ундны усаа импортоор авах ахуйн хэрэглээнээс гарч байгаа усаа механик, биологийн химийн аргаар цэвэрлэх мөн далайн усыг цэвэршүүлэн хэрэглэж байна. Сингапур улс 2060 он гэхэд усны хангамжынхаа 30 хувийг далайн усаа цэвэршүүлж, 50 хувийг ахуйн хэрэглээний усаа цэвэршүүлэн хангадаг болох зорилт тавиад байгаа юм байна. Сингапур улс өнөөдөр эрүүл амьдрах үзэсгэлэнт цэнхэр хотыг бүтээж байна.

 Монгол улсын хувьд ундны усаа гаднаас худалдаж авахгүй, өөрийн гэсэн цэвэр усны нөөцтэй. Энэ баялагтаа хэт дулдуйдаж усандаа үрэлгэн хандаж, бохир усаа дахин ашиглаж чадахгүй байна. Ядаж бохир усаа бүрэн цэвэрлээд Туул голруу нийлүүлдэг болох хэрэгтэй байгаа юм. Ус бол бидний амьдралд маш чухал үүрэгтэй. Бид хэрэглэж байгаа усаа цаашид олон үедээ үлдээх нь чухал. Үүний тулд хэрэглэж байгаа усаа гамнаж, бохир усандаа элдэв хог хаягдал бүү хийгээрэй.



No comments:

Post a Comment